
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн замналыг харвал анхаарал татахуйц дүр зураг ажиглагддаг. Тэрбээр улс төрийн хариуцлага, шүүмжлэл, хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулах бүрдээ албан тушаалаасаа зугтаж байсан намтартай. Гэхдээ тэр бүр улс төрөөс явсангүй. Харин ч дараагийн шатанд, заримдаа бүр илүү өндөр албан тушаалд хүрч ирсэн байдаг.
2012 онд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэл хэлж байв. Тухайн үед түүний улс төрийн замнал урвуугаараа эргэсэн. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг чуулганы танхимд цохиж унагасан нь түүнд "Ёсзүйн" хариуцлага тооцох нөхцлийг бүрдүүлээд байсан. Гэвч эхнэрээ эмчлүүлэх нэрийн дор тэр хариуцлагаас бултаж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Түүнд итгэсэн сонгогчид түүний хувьд хэн ч биш байлаа.
Дараа нь Шадар сайдаар ажиллаж байх үед өөрийг нь тагнаж, чагнасан гэх асуудал улс төрийн томоохон дуулиан болж, улс төрийн хүрээнд түүний оролцоо байсан гэх хардлага гарч ажлаа мөн л өгсөн.
Энэ нь тухайн үедээ улс төрийн зөрчлийн нэг илрэл байж, түүний огцролт дараагийн улс төрийн боломжийг нээсэн.
Тэрээр 2017 онд Ерөнхий сайд болж, эрх мэдлийн төвд ахин эргэж ирсэн.
МАН-ын дотоод улс төрийн өөрчлөлтийн үр дүн түүнийг Ерөнхий сайд болох боломжийг өгсөн. Гэвч 2021 оны нэгдүгээр сард COVID-19 цар тахлын хүнд үед амаржсан эх, нярай хүүхдийг эмнэлгээс эмнэлэгт шилжүүлэхдээ хүний эрх, ёс зүйн ноцтой алдаа гаргасан асуудлыг бодлоготойгоор нийгмийн анхааралд оруулж, иргэдийн эсэргүүцлийг өрдсөн.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан.
Гэвч удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, төрийн тэргүүн болсныг бүгд мэднэ.
Яагаад түүнээс улс төрийн болон хууль зүйн хариуцлага нэхэгдэж эхлэх бүрд албан тушаалаа орхиж зугтах сонголт хийдэг вэ? Яагаад огцрох бүрдээ улс төрийн замнал нь дуусдаггүй, харин дараагийн шатанд шилждэг вэ?
Монгол Улс хүйтэн өвөл, зудын эрсдэл, шатахууны нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, үнийн өсөлт, улс төрийн тогтворгүй байдалтай нүүр тулж байгаа энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахиад л ажлаа орхиод улстөрийн нэр хүндээ хамгаалан зугтлаа.
Үүний цаана МАН доторх эрх мэдлийн дахин хуваарилалт эхлэх боломжтой. Намын дотоод хямрал, Засгийн газрын тогтворгүй байдал, сонгуулийн өмнөх улс төрийн өрсөлдөөн дунд У.Хүрэлсүх намынхаа ирээдүйн удирдлагын асуудалд дахин нөлөөлөх орон зай бий болгохыг зорьж байгаа эсэх нь анхаарал татна.
Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа намын дарга, цаашлаад Ерөнхий сайдын албан тушаалд эргэн ирэх хувилбар улс төрийн хүрээнд яригдахыг үгүйсгэхгүй.
Тэр эрх мэдэлд хүрсэн хойноо ямар увайгүй вэ гэдгийг нь МАН-ын залуучууд мэдэж ойлглж авсан.
МАН сонгуульд ялагдсан тохиолдолд намын удирдлагаа шинэчлэх, хуучин лидерээ эргүүлэн авчрах улс төрийн нөхцөл үүсгэх гэж оролдоно. Энэ оролдлогыг таслан зогсоож, намын удирдлагаасаа У.Хүрэлсүх ба түүний нөхдийг зайлуулж чадах зориг МАН-ын залуучуудад бий эсэхийг харах л үлдлээ.
Энэ бүхнийг одоогоор батлагдсан төлөвлөгөө гэж хэлэх үндэслэл байхгүй. Гэхдээ У.Хүрэлсүхийн өмнөх улс төрийн алхмуудтай харьцуулан авч үзвэл ийм хувилбаруудыг асуулт болгон тавих нь зүй ёсны хэрэг.
Эцсийн дүндээ Ерөнхийлөгчийн огцрох шийдвэрийг эр зоригийн тухай яриагаар хааж болохгүй. Түүний нэр холбогдсон авлигын асуудал бүрэн шалгагдаж, бодит үнэн тогтоогдох ёстой.