
Нобелийн Энх тайвны шагналт Мария Корина Мачадо Венесуэлд цөллөгөөсөө эргэн ирж, сонгууль явуулахыг шаардахын зэрэгцээ Каракастай байгуулсан АНУ-ын маргаантай газрын тосны хэлэлцээрийг шүүмжилжээ.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо нэгдүгээр сард тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлан авч явсныг сайшаагаад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд талархал илэрхийлж, түүнийг “Эрх чөлөөний үүдийг нээсэн” хэмээн мэдэгдлээ.
Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Мария Мачадоо Венесуэлд ирэх онд сонгууль явуулахыг уриалсан байна. Энэ нь арав гаруй сарын турш цөллөгт байсны дараа эх орондоо эргэн ирснээс хойш хийсэн анхны олон нийтэд хандсан мэдэгдэл байв.
“Нэгдүгээр сарын 3-нд тэдний алсын хараа, эр зориг, үйл ажиллагааны ачаар Венесуэльчүүдийн эрх чөлөөний үүд нээгдлээ” гэж Мачадо Каракаст хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр Трамп, түүний засаг захиргаа болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарыг нэр цохон дурдсан байна.
Рубио “Ардчилсан шилжилтэд хүрэх үйл явцын дарааллыг тодорхойлсон бөгөөд үүний хүрээнд 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь тодорхой болсон” гэж Мачадо хэлжээ.
Мачадо өмнө нь ч Трампыг магтаж байсан бөгөөд 2025 онд өөрөө хүртэхийг туйлын ихээр хүсэж байсан Нобелийн энх тайвны медалиа түүнд гардуулж байв.
Олон жилийн турш улс төр, нийгмийн идэвхтэн явсан Мачадо Нобелийн энх тайвны шагналаа гардан авахаар арванхоёрдугаар сард Венесуэлийг орхин Осло хотыг зорьсон юм. Пүрэв гарагт тэрбээр эх орондоо “Нийгмийг идэвхжүүлэхийн тулд” эргэн ирсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Мадурогийн дэглэмээс нэг жилийн турш нуугдаж байсан Мачадод АНУ-ын тусгай хүчний ахмад дайчдын байгуулсан Grey Bull Rescue нэртэй байгууллага завиар зугтахад нь тусалжээ.
Нэгдүгээр сард Мадурог баривчлан авч явснаас хойш Венесуэлийг түүний дэд ерөнхийлөгч асан Делси Родригес удирдаж байгаа юм.
Ням гарагт Иачадог эх орондоо эргэн ирэхэд нь дэмжигчид баяр хөөртэй, уухайлан угтан авсан. Түүнийг цуваагаар зорчих үеэр олон хүн цугларч, дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин Ерөнхийлөгч Родригес түүнийг сүр дуулиантайгаар угтсан явдалд дургүйцлээ илэрхийлсэн байна.
Ийм шоу хийх шаардлагагүй байсан. Нисэх онгоцны буудлууд энд байдгаараа л байж байгаа шүү дээ.
гэж төрийн телевизээр ярьжээ.
Родригестэй уулзах боломжийн талаар асуухад Мачадо түүнээс ч, Вашингтоноос ч ямар нэгэн мэдэгдэл, санал хүлээн аваагүй гэв.
Пүрэв гарагт Мачадог мэдэгдэл хийхээс өмнө Родригес Венесуэлд сонгууль “Дэлхий нийтийн нүдэн дээр” илтявагдана гэж ард түмэндээ амласан боловч яг хэзээ болохыг тодорхой хэлээгүй байна.
Мачадогийн эх орондоо эргэн ирсэн нь Венесуэль газрын тосны асар их нөөцийнхөө 20 хувийг шилжүүлэхээр болсон АНУ-тай байгуулсан маргаантай хэлэлцээрээс хэдхэн долоо хоногийн дараа болжээ.
Энэ хэлэлцээр нь Венесуэлийн нийгмийн хүсэж буй ил тод байдлын түвшинд нийцэхгүй байна.
гэж Мачадо уг хэлэлцээрийг шүүмжлэн мэдэгдсэн байна.