Украины скелетоны тамирчин Владислав Гераскевичийн олимпын тэмцээний өмнөх бэлтгэл дээр дайнд амь насаа алдсан тамирчдын дурсгалд зориулсан дуулгатай оролцсон нь олны анхаарлыг татсан юм.
Өдгөө 27 настай, гурав дахь олимпдоо оролцож буй В.Гераскевичийг тамирчдын хотхондоо амарч байхад нь дуулгыг нь дахин өмсөхийг хориглосон талаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны төлөөлөгч Тошио Цүрүнага мэдэгджээ. Мөн энэ талаар Украины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-д албан бичиг хүргүүлсэн байна.
Олимпын дүрмийн дагуу тамирчдын ёс журмын 50.2 дахь заалтад "Олимпын үйл ажиллагаанд улс төр, шашин шүтлэг, элдэв жагсаал цуглаанд уриалахыг хориглоно" гэж заасныг В.Гераскевичид сануулжээ.
