Японы цагдаагийн өрөөнд 18 хоног хоригдсон Руна охин гэртээ харихыг ямар их хүсэж байгаагаа тэмдэглэлийн дэвтэртээ олон дахин бичсэн байжээ. Тэр ээжийнхээ хийсэн хоол, ээждээ тэврүүлэх, хамтдаа ном унших, дэлгүүр хэсэх, дуу дуулах зэрэг өдөр тутмын энгийн зүйлсээ санасаар байж.

Гуйя, би танаас гуйж байна. Ээжтэйгээ уулзмаар байна.
гэж тэрээр хоригдож байхдаа тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байсныг CNN-ийн сэтгүүлчид хуулж авсан байна.
Рунагийн баривчлагдсан болон суллагдсанаасаа хойш хэдэн сарын дараа нас барсан хэрэг Японд шүүхийн маргааны гол сэдэв болоод байна. Түүний ээж охиныг нь Хёого мужийн цагдаагийн газар хууль бусаар баривчилж, цагдан хорьсон хэмээн буруутган шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ долоо хоногт шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд уг хэрэг Японд насанд хүрээгүй сэжигтнүүдтэй хэрхэн харьцдаг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байна.
Охиноо хамгаалж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна.
гэж Рунагийн ээж Ёоко нулимс дуслуулан, үгээ таслан хэлжээ. Тэрээр хувийн нууцаа хамгаалахын тулд CNN-д нууц нэрээр ярилцлага өгсөн юм. Ээжийнх нь хүсэлтээр CNN охины бүтэн нэрийг мөн нууцалжээ.
Ёокогийн хэлснээр, өнгөрсөн жил Японы цагдаа нар түүний 16 настай охиныг өөрийнх нь ажиллуулдаг, тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан асрамжийн газарт болсон гэх хүчирхийллийн хэрэгт сэжиглэн 18 хоног хорьжээ. Цагдаагийн байгууллага гомдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Ёокогийн тайлбарласнаар, охин нь бусдыг хазах гэж байсан догшин авиртай нэгэн асрамжийн газрын үйлчлүүлэгчийг тогтоон барихын тулд эрүү орчимд нь гар хүрчээ. Руна өөрт нь тулгасан буруутгалыг няцаасаар байсан бөгөөд түүнд хэзээ ч албан ёсоор ял тулгаагүй байна.
Хоригдож байх хугацаандаа Руна хоол идэхээ больж, суллагдсаныхаа дараа сэтгэл заслын оношилгоогоор гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй (PTSD) гэж оношлогджээ.
Би ээжтэйгээ уулзаж чадах болов уу гэж санаа зовж байна. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэхдээ би маш их цочирдсон учраас хоол идэж чадахгүй байна.
— Руна тэмдэглэлдээ ийн бичжээ.
Охины биеийн жин хорихоос гараад ч буурсаар байж. Тэрээр таван сарын дараа нас барахдаа ердөө 20 орчим килограмм жинтэй байсан аж. Энэ нь зургаан настай охины дундаж жинтэй ойролцоо хэмжээ юм.
Өрх толгойлсон ээж нь охиноо хууль бусаар баривчилж, цагдан хорьсны улмаас амь насаа алдсан гэж үзэн цагдаагийн байгууллагаас 109 сая иен буюу 700 мянган ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байна.
“Цагдаа, прокурорууд хүний эрхийг хамгаалах, иргэдээ асран хамгаалах үүргийнхээ талаар эргэцүүлж, шүүх дээр үнэнийг хэлээсэй гэж хүсэж байна” хэмээн тэрээр ярьжээ.
Япон улс “Шударга ёсны барьцаа” (hostage justice) хэмээх шүүмжлэлд олонтаа өртдөг. Энэ нь сэжигтнүүдийг албан ёсоор ял тулгалгүйгээр, бусад олон улсын хууль тогтоомжоор зөвшөөрснөөс хавьгүй удаан хугацаагаар, заримдаа хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногоор хорьдог практикийг хэлдэг.
(Монгол улсад энэ практик учир тоймоо алдсан. Улстөрийн захиалгаар хорих явдал гаарч байна.)
Гэхдээ Японд эрүүгийн хэрэгт шалгагдаж буй насанд хүрээгүй хүүхэдтэй хэрхэн харьцах талаар хатуу журам бий. Тус улсын Насанд хүрээгүй хүмүүсийн тухай хуулиар хүүхдийг зөвхөн “зайлшгүй шаардлагатай” тохиолдолд л хорих ёстой.
Гэвч өмгөөлөгч Мэгүми Вадагийн хэлснээр, “Зайлшгүй шаардлагатай” гэдэг ойлголтыг хуульд тодорхой зааж өгөөгүй тул эрх бүхий байгууллагууд өөр өөрөөр тайлбарлах боломжтой байдаг аж.
Би аль болох хурдан ойр дотныхонтойгоо уулзмаар байна. Гуйя, би та нараас гуйж байна.
— Рунагийн огноогүй тэмдэглэлээс!!!
Засгийн газрын статистик мэдээллээр, 2024 онд 20 нас хүрээгүй 6'000 гаруй сэжигтнийг цагдан хорьсон бөгөөд тэдгээрийн 4'000 орчим нь 15 хоногоос илүү хугацаагаар хоригджээ.
Рунаг ээжтэй нь уулзуулахгүй, хоёр долоо хоног гаруй хугацаагаар хорьсон шийдвэр нь хуульчдын гайхшралыг төрүүлж, цагдан хоригдож буй насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах арга хэмжээ бодит амьдрал дээр үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэжээ.
Прокуророор ажиллаж байсан, одоо өмгөөлөгч болсон Микио Уэхара Рунагийн үхлийг “Туйлын эмгэнэлтэй” хэмээн тодорхойлсон байна.
Тэрээр
Түүнийг цагдан хорих шаардлага үнэхээр байсан эсэхэд би маш их эргэлзэж байна.
гэжээ.
Рунаг яагаад хорьсон талаар асуухад Хёого мужийн цагдаагийн газар “Хувь хүний тодорхой хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Цагдаагийн төлөөлөгч “Энэ асуудал төрөөс нөхөн төлбөр гаргуулах тухай шүүхийн маргааны сэдэв болж байгаа тул мужийн захиргааны байр суурийг шүүх дээр тодорхой илэрхийлнэ” гэжээ.
Японы Хууль зүйн яам “Шударга ёсны барьцаа” гэх шүүмжлэлийг удаа дараа няцааж, хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн эрхийг зохих ёсоор харгалзан үздэг хэмээн мэдэгдсээр ирсэн.
Руна яагаад хоригдсоноо, яагаад ээжтэйгээ уулзаж болохгүй байгаагаа ойлгоогүй гэж ээж нь CNN-д ярьжээ.

Зураг: Руна яагаад цагдан хоригдсоноо, ээжтэйгээ яагаад уулзаж чадахгүй байгаагаа ойлгоогүй гэж ээж нь ярьсан. Эх сурвалж: CNN-д өгсөн гэрэл зураг.
Рунагийн гэр бүл Японы хоёр дахь том хот болох Осакагаас баруун хойд зүгт орших Хёого мужид асрамжийн газар ажиллуулдаг. Тусгай асаргаа шаардлагатай хүмүүстэй багаасаа ойр өссөн Руна “Үргэлжийн баяр баясгалантай охин” байжээ. Нэг өдөр гэр бүлийнхээ асрамжийн газрыг өөрөө удирдахыг мөрөөддөг байжээ. Энэ тухай ээж нь ярьсан байна.
Түүний амьдрал богинохон, дөнгөж 16 жил үргэлжилсэн ч тэрээр өдөр бүр бусдыг хайрлан халамжлах сэтгэлээ хэзээ ч орхиогүй.
гэж ээж Ёоко нь хэлсэн.
Гэвч өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-нд Руна баривчлагдсанаар бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Энэ нь түүнд тулгасан хүчирхийллийн хэрэг гарсан гэх үйл явдлаас дөрвөн сарын дараа болсон аж.
Ээж Ёокогийн дурссанаар, цагдаа нар охиныг асрамжийн газраас нь баривчлан авч явжээ. Мэдээг сонсоод яаран ирсэн ээж нь охинтойгоо уулзаж амжаагүй байхад түүнийг авч явсан байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Дараагийн 18 хоногийн турш Ёоко охинтойгоо уулзах боломжгүй байв. Прокурорууд нотлох баримтад нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн уулзуулахыг хориглох хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг зөвшөөрчээ. Учир нь Ёоко тухайн асрамжийн газрын эзэн байсан тул нотлох баримтыг өөрчлөх, устгах боломжтой гэж үзсэн байна.
Рунагийн өмгөөлөгчөөр дамжуулан ээж нь охиноо хангалттай хоол идэхгүй байгааг мэджээ. Гэвч эрх бүхий байгууллагууд охиных нь хооллолтын бүртгэлийг өгөх хүсэлтийг няцаасан тул биеийн байдал нь хэр зэрэг доройтсоныг бүрэн мэдэж чадаагүй гэж Ёоко хэлсэн байна.
Би ямар ч буруу зүйл хийгээгүй байхад надад ийм зүйл тохиолдлоо гэж үү? Эрх чөлөөг минь буцааж өгөөч… Би ээжтэйгээ уулзмаар байна.

— Рунагийн огноогүй тэмдэглэлээс.
Охиныг суллахын өмнөх шөнө бие нь муудаж, ухаан алдан унасны дараа эмнэлэгт хүргэсэн гэж ээж нь ярьжээ.
Маргааш өглөө нь Ёоко охиноо хараад цочирдсон байна.
Тэр яс арьс болсон байлаа. Гадагш гарч ирэхдээ хашхирч, уйлж байсан.
гэж ээж Ёоко нь дурсжээ.
Түүний алхаж чадахгүй, үнэхээр сульдсан байсан. Ердөө 10 метр, бүр таван метр алхахын тулд бүх хүчээ шавхаж байлаа.
гэж тэрээр хэлээд охиноо машинд хүргэхийн тулд өргөж зөөх шаардлагатай болсон гэв.
Рунагийн өмгөөлөгч Ёшихиро Мукайгийн хэлснээр, түүнийг цагдан хоригдож байх үед юу тохиолдсон талаар охины бичиж үлдээсэн тэмдэглэлүүдээс өөрөөр мэдээлэл тун хомс байна.
Бид түүнтэй уулзахад тэр маш их түгшсэн байдалтай байсан. Цаашид өөрт нь юу тохиолдох талаар дахин дахин асууж байлаа.
гэж Мукай охинтой хоригдож байх хугацаанд нь уулзсан тухайгаа CNN-д ярьжээ.
Руна шоронд өнгөрүүлсэн 18 хоногийн турш ээжтэйгээ уулзахыг хүсэж байгаагаа тэмдэглэлдээ удаа дараа бичиж байв.

Зураг: Руна цагдан хоригдож байх хугацаандаа ээжтэйгээ уулзахыг хүссэн тэмдэглэлүүдийг дахин дахин бичиж байжээ. Эх сурвалж: CNN-д өгсөн гэрэл зураг.
Японд насанд хүрээгүй сэжигтнүүдийг түр хугацаагаар байрлуулах зориулалттай Шонэн Канбэцүшо хэмээх тусгай байгууллагууд байдаг. Гэвч өмгөөлөгч Вадагийн хэлснээр, хоёр долоо хоногоос богино хугацаагаар хоригдох хүүхдүүдийг эдгээр байгууллагад шилжүүлэх нь ховор. Үүний улмаас насанд хүрээгүй сэжигтнүүд насанд хүрэгчидтэй төстэй нөхцөлд хоригдох тохиолдол гардаг байна.
Руна цагдан хоригдсоны эхний хоёр долоо хоног өнгөрсний дараа яагаад насанд хүрээгүй хүүхдэд зориулсан тусгай байгууллагад шилжүүлээгүй нь тодорхойгүй хэвээр байна.
Вада Рунагийн хэрэгт бас нэгэн хачирхалтай зүйл байгааг онцолжээ.
Эцэг эх нь сэжигтэн хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байсан тохиолдолтой би өмнө нь таарч байгаагүй.
гэж тэр хэлсэн байна.
Цагдаагийн тусдаа зааварт насанд хүрээгүй сэжигтнийг байцаах үеэр эцэг эх зэрэг насанд хүрсэн хүний хамт байх хүсэлтийг аль болох биелүүлэхийг мөрдөн байцаагчдаас шаарддаг. Гэхдээ энэ нь заавал хангагдах эрх биш гэж Токио хотын Мэйжи их сургуулийн хуулийн профессор Томонобү Ишида тайлбарлажээ.
Эдгээр нь үндсэндээ цагдаагийн дотоод дүрэм, захиргааны заавар юм. Тиймээс хуулийн адил заавал биелүүлэх хүчгүйй
гэж тэр хэлсэн юм.
Гэхдээ нотлох баримтыг устгах бодит эрсдэл байсан гэж үзсэн ч буруутгаж буй үйлдэл харьцангуй хөнгөн, мөн сэжигтэн нь насанд хүрээгүй хүүхэд байсан гэдгийг харгалзан үзвэл ийм урт хугацаагаар хорьсныг ойлгоход бэрх байна.
гэж Ишида нэмж хэлжээ.

“Би түүнтэй үнэхээр уулзаж болохгүй гэж үү…? Би санаа зовж байна. Намайг долдугаар сарын 27-нд гэрт минь буцаахыг хүсэж байна.”
— Рунагийн 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл.
Өнгөрсөн оны долдугаар сарын эхээр суллагдсаныхаа дараа Руна эмч, сувилагч зэрэг өөрт нь туслахаар ирсэн насанд хүрэгчдээс хүртэл сэрэмжилдэг болсон гэж ээж Ёоко ярьжээ.
Ээж нь охиныхоо хоолны дуршлыг сэргээхийн тулд зайрмагнаас эхлээд самар хүртэл янз бүрийн хүнс өгч үзсэн байна. Гэвч “Идсэн бүх зүйл нь биеэс нь шууд гарч байгаа мэт байсан” гэж тэр хэлжээ.
Руна эргэн тойрныхоо хүмүүс, байгууллагуудад итгэхээ больсон нь түүнийг аврах гэсэн оролдлогуудыг улам хүндрүүлсэн байна. Тэрээр эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байжээ.
Сэтгэцийн эмч Май Учидо өсвөр насныхныг “Насанд хүрэгчдийн жижиг хувилбар” мэтээр үзэж болохгүйг онцолжээ. Учир нь тэдний сэтгэл хөдлөлөө зохицуулах болон танин мэдэхүйн чадвар хараахан бүрэн хөгжөөгүй байдаг тул стрессийг насанд хүрэгчдээс өөрөөр мэдэрч, боловсруулдаг байна.
Рунаг хооллох эмгэгийн улмаас үүссэн хоол тэжээлийн дутагдлаар нас барсан гэж тогтоожээ.
Гэмтлийн дараах сэтгэлзүйн хүнд үйл явдлын дараа хоолны дуршил буурах нь түгээмэл байдаг гэж Учидо тайлбарласан байна. Ийм тохиолдолд тухайн хүнд зүгээр л илүү их хоол идэхийг зөвлөөд асуудлыг шийдвэрлэх боломжгүй аж.
Харвардын Анагаахын сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын дэд профессор Учидо:
Гэмтлийн дараах стрессийн эмгэг нь ходоод гэдэсний тогтолцооны үйл ажиллагаанд саад учруулахын зэрэгцээ хоолны дуршилд нөлөөлж, биеийн жинг их хэмжээгээр бууруулах боломжтой. Энэ нь урхаглаад нас барахад хүргэж ч болох юм.
гэжээ.
Японд цагдан хоригдож буй сэжигтнүүд хэт их дарамтад өртдөг талаар хүний эрхийн байгууллагууд олон жилийн турш анхааруулсаар ирсэн. Үүнд байцаалтын үеэр ашигладаг хатуу арга барил, өмгөөлөгчтэй уулзах боломж хязгаарлагдмал байх зэрэг хүчин зүйл багтдаг.
Зарим хуульчийн үзэж буйгаар, сэжигтний наснаас үл хамааран удаан хугацаагаар цагдан хорих явдал хэтэрхий түгээмэл байгаа аж.
Засгийн газрын статистик мэдээллээр, 2024 онд Японд цагдан хоригдсон 85'040 насанд хүрсэн хүний ойролцоогоор 65 хувь нь цагдаагийн байгууллагад 15 хоногоос дээш хугацаагаар хоригджээ.
Өмгөөлөгч Уэхара:
Ийм практикийг хэрхэн зөвшөөрч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж болдгийг би огт ойлгохгүй байна. Энэ бол зөвхөн нэг хэргийн асуудал биш. Нийгэмд тогтсон ийм бодит байдлыг ч яаралтай өөрчлөх шаардлагатай.
гэжээ.
Ёоко охиныхоо өмнөөс шударга ёсыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэл нь Японы хууль, шүүхийн тогтолцоонд өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Энэ шүүхийн маргаанд ялбал Руна бие махбодоороо бидний дунд одоо байхгүй байгаа ч тэр амьдарч байсан, өөрийн гэсэн мөр үлдээсэн гэдгийг батлах болно. Мөн энэ нь шударга ёсны тогтолцоог шинэчлэхэд хувь нэмэр оруулах юм.
гэж ээж нь хэлжээ.









