
Японы төв хэсэгт арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагт буюу урд шөнө 5.7 магнитудын (6-7 баллын чичирхийлэл ҮГ.МН) хүчтэй газар хөдлөлт болж, 22 хүн бэртэж гэмтжээ. Газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжид эвдрэл гарч, галт тэрэгний хөдөлгөөн саатсан бол эрх баригчид ойрын өдрүүдэд дахин хүчтэй чичирхийлэл үүсэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар газар хөдлөлт орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 8-ны шөнийн 01:04 цагт Шизүока мужийн баруун хэсэгт болжээ. Газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 40–41 километрийн гүнд байсан бөгөөд чичирхийлэл нь хөрш зэргэлдээ Айчи мужийн хэд хэдэн хотод хүчтэй мэдрэгдсэн байна.
Тус улсын газар хөдлөлтийн эрчмийг хэмждэг долоон түвшний шатлалаар Айчи мужийн Чита хотод 5-аас дээш түвшний хүчтэй доргилт бүртгэгджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас дор хаяж 22 хүн бэртэж, гэмтсэн байна. Зарим эх сурвалжид гэмтэж бэртсэн хүний тоог 24-28 хүрсэн гэж мэдээлсэн ба хохирогчдын тоо шинэчлэгдэж байгаа аж.
Гэмтэж, бэртсэн хүмүүсийн дунд газар хөдлөлтийн үеэр шатнаас унасан, орноосоо унаж гэмтсэн болон гэрээсээ гарах гэж байхдаа бэртсэн иргэд багтжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тухай баталгаатай мэдээлэл гараагүй байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Айчи мужийн Тоёохаши хотын худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мэдэгдэхүйц хохирол учруулжээ.
Тус хотын автомашины худалдааны төвийн шилэн фасад хагарч, шилний хэлтэрхий гадна талбайд асгарсан байна. Мөн Тоёота хотын нэгэн томоохон номын дэлгүүрийн тавиур дээр байсан олон зуун ном шалан дээр унажээ.



Зарим орон сууцны барилгын дээврийн хавтан унаж, хана, цонх зэрэгт эвдрэл гарсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн дараа Токио, Осака хотыг холбодог Токайдо Шинкансэн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар саатуулжээ. Төмөр замын байгууллагууд шугам, дэд бүтцийн аюулгүй байдлыг шалгах зорилгоор зарим чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Японы Цаг уурын агентлаг газар хөдлөлт болсон бүс нутгийн иргэдэд ойрын өдрүүдэд дахин хүчтэй чичирхийлэл үүсэж болзошгүйг анхааруулсан байна.
Ялангуяа дараагийн хэдэн өдөр болзошгүй давтан газар хөдлөлтөд бэлэн байхыг анхааруулжээ. Мөн хүчтэй доргилтын улмаас хөрсний тогтворжилт алдагдсан байж болзошгүй тул уулын энгэр, хад асга, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй газруудад амьдардаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний бүтэц суларсан байдаг бөгөөд бороо орсон тохиолдолд хөрсний гулгалт, хад чулуу нурах аюул нэмэгддэг юм.
Энэ удаагийн газар хөдлөлтийн дараа Японы олон нийтийн анхаарлыг татаж буй өөр нэг асуудал нь Нанкай хотгорын бүс дэх томоохон газар хөдлөлтийн эрсдэл юм.
Нанкай хотгор нь Японы өмнөд эрэг дагуу орших тектоник хавтангийн зааг бөгөөд энд 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт үүсэх боломжтой гэж эрдэмтэд үздэг. Японы эрх баригчид ийм хэмжээний газар хөдлөлтийг улс орны хэмжээнд асар их хохирол учруулж болзошгүй томоохон гамшгийн эрсдэлд тооцдог аж.
Гэхдээ энэ удаагийн 5.7 магнитудын газар хөдлөлтийг Нанкай хотгорын томоохон газар хөдлөлтийн эхлэл гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр уг үйл явдлын дараа Нанкай хотгорын тектоник нөхцөлд онцгой өөрчлөлт гарсныг илтгэх шинж тэмдэг илрээгүй аж.
Япон улс Номхон далайн галт цагираг хэмээх газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөртэй бүсэд оршдог. Тус улсын газар нутаг болон эргэн тойронд Номхон далайн, Филиппиний тэнгисийн болон эх газрын тектоник хавтангуудын хөдөлгөөн харилцан үйлчилдэг учраас газар хөдлөлт байнга болдог.
Японы түүхэнд хамгийн их хохирол учруулсан гамшгийн нэг нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Тухайн үед үүссэн асар хүчтэй цунами Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гаргаж, олон мянган хүний амь нас эрсдэж, сураггүй болоход хүргэсэн.
Иймээс Япон улс газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, барилга байгууламжийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийг гамшгийн үед бэлэн байлгах чиглэлээр дэлхийд тэргүүлэх тогтолцоог бүрдүүлсэн орнуудын нэг юм.
Энэ удаагийн газар хөдлөлтийн дараа эрх баригчид гамшгийн хор уршгийг үнэлэх, дэд бүтцийн аюулгүй байдлыг шалгах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажиллагааг үргэлжлүүлж байна.