
Цагдаагийн байгууллага ханхүү асан Эндрю болон Жеффри Эпштейн нарыг хааны гэр бүлийн эзэмшлийн Шотланд дахь Балморалд эдлэнд бэлгийн мөлжлөг болон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгаж эхэллээ.

Өмнө нь олон нийтэд АНУ-ын хууль тогтоогчдын дэлгэсэн гэрэл зургуудаас (1999 он) Жеффри Эпштейн болон түүний ойрын хамтрагч, хожим бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан хэрэгт буруутгагдан ял шийтгүүлээд, ялаа эдэлж буй Гислейн Максвелл нар Балморал эдлэнд хамт авхуулсан фото зураг ил болжээ.
Шотландын цагдаагийн газрын дарга Жо Фаррелл энэ талаар:
Бид холбогдох талуудаас хүлээн авсан мэдээллийг шалгаж байна. Цаашид уг мэдээллийг нягталж, ямар арга хэмжээ авах шаардлагатайг тодорхойлно.
гэж мэдэгджээ.
Түүнээс Жеффри Эпштейн болон ханхүү асан Эндрю нартай холбоотойгоор Балморал эдлэнд эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгосон эсэхийг шалгаж байгаа юу гэж асуухад:
Тийм ээ, энэ бол бидэнд холбогдох талуудаас ирсэн мэдээлэл бөгөөд бид одоогоор шалгаж байна.
хэмээн хариулсан байна.
Эндрю Маунтбаттен-Виндзор болон Жеффри Эпштейн нартай холбоотойгоор Балморал эдлэнд бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх мэдээллийг Шотландын цагдаа нар шалгаж байгаагаа олон нийтэд албан ёсоор анх удаа баталсан тохиолдол болжээ.
Daily Mirror сонин нэмэлт тайлбар авахаар Шотландын цагдаагийн газарт ханджээ.
Энэхүү үйл явдал нь Эпштейний хэргийн талаарх баримт олон нийтэд ил болсны дараа Их Британид хийгдэж буй цагдаагийн шалгалтуудын нэг хэсэг юм.
Одоогоор Темзийн хөндийн цагдаа, Лондон хотын цагдаагийн газар болон Суррейн цагдаагийн байгууллага зэрэг хэд хэдэн байгууллага хамтран Эпштейний хэргийн баримт бичгүүдэд дурдагдсан мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.