
✅ МУИС-ийн Хууль зүйн сургууль шинэ байрандаа хичээллэж эхэллээ.
Өчигдөр эрдмийн шинэ өргөөндөө “Эрх зүйн онол” хичээлийн эхний лекцээ уншиж, оюутнуудтайгаа санал бодлоо солилцлоо.

ЭРХ ЗҮЙН ОНОЛ ХААНААС ЭХЭЛДЭГ ВЭ?
“Хууль зохих журмын дагуу батлагдаж, хүчин төгөлдөр болсон. Гэхдээ агуулгын хувьд илт шударга бус. Тэгвэл тэр хууль эрх зүй мөн үү?”
Энэ асуулт, эргэцүүллээс эрх зүйн онолын хичээл эхэлнэ.
Эрх зүй гэж юу вэ? Хууль ба эрх зүй ямар ялгаатай вэ? Эрх зүйг эрх зүй болгодог зүйл юу вэ?
Энгийн мэт боловч хариулахад амаргүй эдгээр асуулт хууль зүйн шинжлэх ухаанд олон зуун жилийн эрэл хайгуул, онолын маргааны үндэс болсоор иржээ.
Эрх зүйн онолын хичээл эрх зүйн мөн чанар, үүсэл хөгжил, зарчим, үйлчлэл, нийтлэг зүй тогтлыг танин мэдэх суурь хичээл юм.
ЭРХ ЗҮЙЧ, ХУУЛЬЧДЫН МЭРГЭЖЛИЙН ЦАГААН ТОЛГОЙ
Эрх зүйн онолыг эрх зүйч, хуульчдын “мэргэжлийн цагаан толгой, хууль зүйн шинжлэх ухааны суурь хэл” гэж ойлгож болно.
Учир нь эрх зүйн аль ч салбарыг судлахад түүний суурь ухагдахуун, зарчим, үнэт зүйлсийг ойлгох шаардлагатай. Эдгээр нь эрх зүйн асуудлыг нэг хэлээр ойлгож, танин мэдэх үндэс болдог.
Энэ хичээлээр бид эрх зүйн мөн чанар, зорилго, чиг үүрэг, эрх зүйт ёсны тухай сонгодог болон орчин үеийн онол, сургаалиудыг бодит жишээ, кейсэд тулгуурлан судалж, хэлэлцдэг.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Гол зорилго нь оюутнуудад бэлэн хариулт өгөхөөс илүү зөв асуулт тавих, шүүмжлэлтэй сэтгэх, асуудлыг олон талаас нь шинжлэх, өөрийн байр суурийг үндэслэлтэй илэрхийлэх чадвар төлөвшүүлэхэд чиглэдэг.
Ирээдүйн хуульч хүн хуулийн заалтыг мэдэхээс гадна түүний цаад утга, зорилго, үнэт зүйлийг ойлгодог байх учиртай. Хуулийг хүний эрх, шударга ёсны үүднээс эргэцүүлж, үнэлж чаддаг байх нь чухал юм.

ШИНЭ ЦАГ ҮЕИЙН СОРИЛТ БА ОНОЛЫН СЭТГЭЛГЭЭ
Цаг үе өөрчлөгдөж, эрх зүйн өмнө шинэ сорилтууд бий болсоор байна.
Хиймэл оюун, алгоритмд суурилсан шийдвэр гаргалт, технологийн хөгжил нь эрх зүйн төдийгүй хүний мөн чанар, эрх чөлөө, шударга ёсны тухай ойлголтыг ч шинээр эргэцүүлэх шаардлагыг бий болгож байна.
Хиймэл оюун шүүгчийг орлож чадах уу? Алгоритмын гаргасан шийдвэр шударга эсэхийг хэрхэн үнэлэх вэ? Технологийн шинэ орчинд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ?
Эрх зүйн онолд эдгээрийг “хэцүү асуултууд” гэж үздэг бөгөөд тэдгээрт хариулахад эрх зүйн онолын суурь мэдлэг, шүүмжлэлт сэтгэлгээ улам чухал болж байна.
Энэ мэт хэцүү асуултуудын хариултыг багш, оюутнуудын хамтын эрэл хайгуул, чөлөөт сэтгэлгээ, эрдмийн танхимд өрнөж буй хэлэлцүүлгээс олж чадна гэдэгт итгэдэг.
Миний хувьд төрөлх МУИС-ийн Хууль зүйн сургуульдаа “Эрх зүйн онол” хичээлээ 18 дахь жилдээ зааж байна.
Он жилүүд өнгөрсөн ч оюутнуудынхаа сониуч харц, сонирхолтой асуулт, шинэ санаа, сурах чин хүсэл эрмэлзлээс урам зориг авах нь багш хүний хувьд бахархал байдаг.









