
Өнөөдөр Европын Төв банкны (ECB) Ерөнхийлөгч Кристин Лагард албан тушаалаасаа огцрохоо зарласнаар түүний ирээдүйн талаарх хэдэн сарын турш үргэлжилсэн таамаглал эцэслэв. Тэрээр Европ болон Европын Төв банкны хувьд ээдрээтэй цаг үед ийнхүү шийдвэр гаргаж байна.
Лагард 2027 оны хоёрдугаар сарын 7-нд албан тушаалаа хүлээлгэн өгөх юм. Ингэснээр Европын холбооны одоогийн удирдагчид Францын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэлээд өмнө түүний залгамжлагчийг сонгох боломжтой болно. Санал асуулгуудаар хэт барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч Марин Ле Пен сонгуульд ялах магадлал өндөр байгаа аж.
Европын Төв банкнаас гаргасан мэдэгдэлд:
Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард өнөөдөр Удирдах зөвлөл болон Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Коштад 2027 оны хоёрдугаар сарын 7-нд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.
гэжээ.
Нидерланд болон Испанийн төв банкны ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байсан Клаас Кнот, Пабло Эрнандес де Кос нарыг Лагардын оронд томилогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид гэж үзэж байна.
Лагардын бүрэн эрхийн хугацаа 2027 оны аравдугаар сарын сүүлээр дуусах ёстой байсан ч хугацаанаасаа өмнө огцрох тухай таамаглал хэдэн сарын турш эрчимжжээ. Түүнийг Дэлхийн эдийн засгийн форумд ажиллах магадлалтай гэж ажиглагчид үзэж байсан юм.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Лагардын огцрох шийдвэр Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөх мөчлөгийн дунд үед гарч байна. Тус банк Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнэ болон цалинд нөлөөлж, инфляцыг улам нэмэгдүүлэхээс сэргийлэхийг зорьж байгаа юм.
Үүний зэрэгцээ Европын Төв банк засгийн газрын бондын өгөөж огцом өссөн асуудалтай тулгарч байна. Ялангуяа өрийн дарамт өндөртэй Францын бондын өгөөж нэмэгдсэн нь өрхүүд болон бизнес эрхлэгчдийн зээл авах зардлыг өсгөжээ. Лагард ийм нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцын төлөвт нөлөөлнө гэж өмнө нь анхааруулж байсан юм.
Эрчим хүчний (нефть) зардал дахин өссөнөөс үүдэлтэй инфляц тогтвортой өндөр хэвээр байгаа бол санхүүжилтийн нөхцөл улам хүндэрч байна. Ийм нөхцөлд Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр хадгалах төлөвтэй байна.
Гэхдээ арванхоёрдугаар сард, магадгүй түүнээс ч өмнө хүүг дахин өсгөх боломжтой гэсэн дохио өгөх магадлалтай гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна.










