"Францын хөлбөмбөгийн од Килиан Мбаппегийн БНХАУ-ын их удирдагч асан Мао Зэдунтай төстэй дүрс бүхий мемийн (зураг) талаар хэлсэн" гэх үг олон нийтийн эсэргүүцэл дагуулсны дараа БНХАУ-ын хэд хэдэн дэлхийн хэмжээний брэндүүд түүнтэй хамтын ажиллагаагаа цуцалжээ.

Даваа гарагт буюу аравдугаар сарын 26-нд цахим орчинд тархсан нэгэн бичлэгт Мбаппе өөрийнх нь тухай харсан хамгийн хөгжилтэй мем нь нүүр царайг нь “Хятадын дарангуйлагч”-ийн дүрстэй нийлүүлсэн зураг байсан хэмээн ярьж буй нь сонсогджээ.
Гэхдээ Reuters агентлаг уг бичлэгийн жинхэнэ эсэхийг баталгаажуулж чадаагүй байна.
Мбаппегийн шүтэн бишрэгчид нь түүний нүүр царайг цэрэг, улс төрийн удирдагчдын зураг дээр давхарлан байрлуулсан мемүүдийг олноор бүтээх болсон. Эдгээр нь түүний тоглодог багуудад хэн шийдвэр гаргаж, нөлөө үзүүлдгийг ёгтлон харуулах зорилготой байв.
БНХАУ-ыг үндэслэн байгуулагч, их удирдагч Мао Зэдун нь тус улсын олон иргэний хувьд үндэстнээ аварсан удирдагч хэмээн хүндлэгддэг. Тиймээс түүнийг элэглэсэн хошигнолыг Хятадад эмзэг, цээртэй сэдэвт тооцдог юм.
Мао Зэдун 1976 онд нас барсан юм.
Мбаппегийн дүр төрхийг ундааныхаа сурталчилгаанд ашиглаж байсан Хятадын Eastroc Beverage компани Weibo нийгмийн сүлжээнд мэдэгдэл гаргажээ.
Тус компани "Үндэстний сэтгэл хөдлөлийг шархлуулсан үйлдэл"-ийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд:

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
“Нэн даруй хэрэгжих журмаар Килиан Мбаппетэй байгуулсан бүх хамтын ажиллагаагаа зогсоож байна” гэж мэдэгдсэн байна.
Мбаппегийн төлөөлөгчид Reuters агентлагийн тайлбар авах хүсэлтэд тухайн үед хариу өгөөгүй байна.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Өвөрмонголын алдарт Mengniu болон Milkground компаниуд Мбаппетэй хамтын ажиллагаагаа цуцалжээ.
Францын L’Équipe спортын сонинд өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа Мбаппе уг мемийн чиг хандлагын зарим хэсэг нь гэм хоргүй зугаа цэнгэл байж болох ч түүнийг дарангуйлагчийн дүрээр харуулсан, цахим орчинд өргөн тархсан мемүүд нь “Улс төрийн болон хүний ёсны ухамсар дутмаг” байгааг илтгэж байна хэмээн хэлж байжээ.
Мбаппетай холбоотой асуудлын талаар Хятадын Гадаад Хэргийн Яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс асуухад, Хятадын ард түмний сэтгэл санааг шархлуулсан үг, үйлдэл нь “Хятадын нийгмийн бүх салбарын хамтын эсэргүүцэлтэй зүй ёсоор тулгарах болно” гэж мэдэгджээ.
Түүнчлэн төрийн мэдлийн төв телевиз Ла Лиг болон Мбаппетэй холбоотой бүх тоглолт, арга хэмжээний нэвтрүүлгийг зогсоосон байна. Мбаппег оролцуулсан бүх сурталчилгааг мөн татан буулгасан талаар төрийн дэмжлэгтэй The Paper хэвлэл мягмар гарагт мэдээлжээ.
Испанийн Ла Лиг болон Мбаппегийн тоглодог “Реал Мадрид” клуб Reuters агентлагийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.










