Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху аравдугаар сарын 27-ны мягмар гарагт буюу урд шөнө болсон парламентын (израйльчууд Кнессет гэж нэрлэдэг ҮГ.МН) сонгуулиар сөрөг хүчний удирдагч Гади Эйзенкотод ихээхэн хэмжээний суудлаа (7 орчим суудал) алдаж болзошгүй байгааг сонгуулийн дараах санал асуулгын дүн харуулж байна.

Гэхдээ аль ч улс төрийн эвсэл Засгийн газар байгуулахад шаардлагатай дийлэнх олонх суудлыг авах хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай.
Харин сонгуулийн гол анхаарал татсан үр дүн нь Израилийн нийт хүн амын дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг араб иргэдийн сонгуульд оролцох идэвх эрс нэмэгдсэн үзүүлэлт юм.
Израилийн олон нийтийн телевизийн Kan 11 сувгийн сонгуулийн дараах санал асуулгаар Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд нам парламентийн 120 суудлаас 25 суудал, барууны үзэл баримтлалтай улс төрийн эвсэл 50 суудал авах төлөвтэй байгаа аж. Судалгааг харахад Ликуд намын хувьд парламентад одоо эзэмшиж буй 32 суудлаасаа 25-ыг нь эргүүлэн авна гэдэг мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.
Дараах байдлаар парламентад суудал авах магадлалтай аж.
Ликуд — Беньямин Нетаньяху 25
Ешар — Гади Эйзенкот 21
Б’Яхад — Нафтали Беннетт 14
Арабын хамтарсан жагсаалт 10
Раам — Арабын исламын чиглэлийн нам 7
Ардчилсан нам 10
Израиль Бейтену 8
Отзма Йехудит 7
Шас 6
Нэгдсэн Тора Иудаизм 6
Гэсэн хэдий ч Ликуд нам бусад бүх намаас илүү олон суудал авах ганц нам хэвээр үлдэх төлөвтэй байгааг сонгуулийн дараах гол санал асуулгууд харуулж байна.
Харин сөрөг хүчний “Өөрчлөлт” эвсэл хамтраад 52–53 суудал авна гэсэн таамагтай байгаа юм. Одоогийн байдлаар сөрөг хүчний намууд 120 суудалтай Кнессет буюу Израилийн парламентад нийт 50 суудал эзэмшдэг.
Хэрэв энэ дүн эцсийн байдлаар батлагдвал ялалт гэж үзэх үндэслэлтэй.
хэмээн Гади Эйзенкот мэдэгдсэн.
Сөрөг хүчний өөр нэг удирдагч Яир Лапид:
Нетаньяхугийн эвсэл хүнд ялагдал хүлээлээ. Энэ бол бүрэн уналт. Ард иргэд тэдэнд гэртээ харих цаг болсон гэж хэллээ.
хэмээн мэдэгджээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Нетаньяхугийн эвсэл ч, Эйзенкотын тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл ч парламентын олонх болохын тулд шаардлагатай 61 суудалд хүрэхгүй байна.
Сонгуулийн өмнө Израилийн араб намууд парламентын нийт 10 суудлыг эзэмшиж байв. Харин энэ удаагийн сонгуулиар араб иргэдийн санал өгөх идэвх 2022 оны сонгуулиас нэмэгдсэний үр дүнд араб намууд Засгийн газар байгуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх боломжтой болж магадгүй.
Гэхдээ Эйзенкот араб намуудтай хамтран ажиллахгүй гэсэн сонгуулийн амлалтаасаа буцах эсэх нь гол асуудал болж байна.
Израилийн сэтгүүлч Аттила Сомфалви:
Арабын намууд 17 суудалтай болсон байхад тэднийг үл тоомсорлож болохгүй.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
гэжээ.
Израилийн Агаарын цэргийн хүчний хошууч генерал асан, зүүний чиглэлийн Ардчилсан намын нэр дэвшигч Нимрод Шеффер мягмар гарагт Нетаньяхуг эсэргүүцэгч эвслийн төлөөлөгчид араб намуудын удирдагчидтай уулзаж, сонгуулийн дүн өөрсдөд нь ашигтай гарсан тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах талаар хэлэлцсэн гэж мэдэгджээ.
Шефферийн төлөөлж буй Ардчилсан нам санал хураалтын дараах судалгаагаар 9–10 суудал авах төлөвтэй байна.
Израилийн сонгуулийн санал тоолох ажиллагаа уламжлалт аргаар явагддаг тул албан ёсны дүн гарахад тодорхой хугацаа шаардагддаг.
Лхагва гараг гэхэд үр дүн илүү тодорхой болох төлөвтэй байгаа ч ялсан намууд Эвслийн Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрэхэд гурван долоо хоногоос нэг сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүй юм.
Израилийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын шинжээч, доктор Михал Хатуэль-Радошицки:
Хүмүүс бүгд л гарчигт бичигдэх том мэдээ хүлээж байгаа ч өөрчлөлт гарах бололтой. Хэрэв санал асуулгын дүн үнэн зөв байвал араб иргэдийн санал сонгуулийн үр дүнг өөрчлөх гол хүчин зүйл болох нь харагдаж байна.
хэмээн ярьжээ.
“Хамтдаа” эвслийн нэр дэвшигч Мати Гил ч санал хураалтын дараах дүн Израилийн иргэд өөрчлөлт хүсэж байгааг харуулж байна гэжээ
Тэрээр:
Сөрөг хүчний нэр дэвшигчдийн хувьд Израилийн ард иргэд, ялангуяа сионист үзэл баримтлалтай еврей иргэдийн олонх нь энэ Засгийн газар цаашид Израйль улсыг удирдах ёсгүй гэсэн бидний байр суурийг дэмжиж байгааг харж байна. Израиль улс бодлогоо өөрчлөх шаардлагатай.
гэж мэдэгджээ.
Энэ удаагийн сонгууль нь 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагаас хойш Израильд болж буй анхны парламентын сонгууль юм. Нийт 38 нам парламент (Кнессет)-ийн сонгуульд өрсөлджээ.
Сонгуулийн санал хураалтын дараах судалгаагаар өөрчлөлт хийхийг хүсэгчдийн байр суурь бэхжсэн ч аль ч тал дангаараа Засгийн газар байгуулах дийлэнх олонхийг бүрдүүлж чадахгүй байгаа нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.
Сонгуулийн дүн гарсны дараа Израилийн Ерөнхийлөгч Ицхак Херцог парламентын олонхийн дэмжлэг авч, Засгийн газар байгуулах боломжтой гэж үзсэн намын удирдагчдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үүрэгтэй.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгох гурван боломж бий. Гэвч түүний нэр дэвшүүлсэн хүн Кнессетийн олонхийн дэмжлэг авч чадахгүй бол сонгууль дахин явуулах шаардлага үүснэ.
Шинэ Ерөнхий сайд сонгогдож, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл Беньямин Нетаньяху үүрэг гүйцэтгэгч байж, Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалан үлдэх юм.
Тайлбар: Дээрх суудлын тоонууд нь 2026 оны аравдугаар сарын 27-ны санал хураалтын дараах санал асуулгын урьдчилсан төсөөлөл бөгөөд албан ёсны эцсийн дүн биш юм.










